Буцах
2 БОЛОН 75 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ НОМЫН САНГИЙН БАРИЛГА
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/05/27 09:35
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн төв байр 1951 оны хавар, салбар номын сангийн байр 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад орж, уншигч үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Үндэсний Номын Сангийн төв байр 75 жилийн ойтойгоо, салбар номын сан 2 жилийн ойтойгоо золгож байна.
Төв номын сангийн байр
Үндэсний номын сангийн төв байрыг дэлхийн II дайны дараах энх цагийн бүтээн босголтоор Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу барьж байгуулсан юм.
Барилгын зураг төслийг ЗХУ-ын архитектор Логинов зохиож, 1946-1951 онд олзны япон цэргүүд болон монгол, хятад барилгачид барьж байгуулжээ.
1951 оны хавар Монгол улсад анхны үндэсний хэмжээний үүрэгтэй, өргөн далайц бүхий том номын сангийн ордон ийнхүү ашиглалтад орсон түүхтэй.
Неоклассик загвартай, сонгодог шийдэл бүхий уг архитектурын дурсгалт барилгыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамжаар нийслэлийн хамгаалалтад авч, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн.
Үндэсний номын сангийн төв байрны хаяг байршил:
https://maps.app.goo.gl/29rhdK1HAq5Qnxbe6?g_st=afm
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ,1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-4 Монгол Улсын Үндэсний номын сангийн төв байр
Утас: 7011 2396
Салбар номын сангийн байр
Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Номын Сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай зарлиг гарснаар анхны шавыг тавьж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлсэн ба 2024 оны 5 сарын 27-нд ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Салбар номын сангийн барилга 9,610 м.кв талбай бүхий 11 давхар, чөлөөт сонголттой төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай.
Олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт үйлчилгээ хөтөлбөрөөр бүх насны уншигчдад үйлчилж байна.
Салбар номын сангийн хаяг, байршил:
https://maps.app.goo.gl/6nvmj6JH7ewVYcSm6
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ байр Салбар номын сан.
Утасны дугаар: 70188881
Байршил: Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд, Сэлбэ голын баруун эрэг дагуу.