МОНГОЛЫН ISSN ҮНДЭСНИЙ ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ - Мэдээ
Буцах

МОНГОЛЫН ISSN ҮНДЭСНИЙ ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Ангилал: Арга зүй

Огноо: 2026/06/26 15:08


Зураг
Монгол Улсын Үндэсний номын сангийн (МУҮНС) дэргэд ISSN Монголын Үндэсний төв өнөөдөр (2026.06.26) албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж байна.

Парис хотноо байрлах ISSN Олон улсын төвийн захирал, хатагтай Гатэль Бэке (Gaëlle Béquet) өнгөрсөн оны 3 дугаар сард Монгол Улсын Үндэсний номын санг "Монголын Үндэсний төв"-өөр шалгаруулж, МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

Өнөөдрөөс эхлэн ISSN International-д шинээр гаргасан хүсэлтүүд ISSN Монголын Үндэсний төвийн мэдээллийн хуудсанд автоматаар шилжих бөгөөд хэвлэн нийтлэгчид манай төвд шууд хүсэлтээ гаргаж, ISSN дугаар авах бүрэн боломжтой болж байна.

ISSN гэж юу вэ? ISSN (International Standard Serial Number) буюу Олон улсын цуврал хэвлэлийн стандарт дугаар нь сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, цахим хэвлэл зэрэг тогтмол болон үргэлжилсэн хэвлэлийг олон улсын хэмжээнд бүртгэн таних нэгдсэн тогтолцоо юм.

МУҮНС-ийн дэргэд байгуулагдсан тус төв нь Монголд тогтмол гардаг хэвлэлүүдийг олон улсын стандартын дагуу бүртгэх, ISSN дугаар олгох, үндэсний мэдээллийг олон улсын ISSN мэдээллийн сантай холбох, улмаар Монголын хэвлэлийн бүтээгдэхүүний хүртээмж, харагдац, үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо:
"Өнөөдөр бид Монголын хэвлэн нийтлэх болон номын сангийн салбарын хөгжилд шинэ хуудсыг нээж байна. МУҮНС-ийн дэргэд байгуулагдсан ISSN Үндэсний төв нь Монголд гардаг тогтмол сонин, сэтгүүлийг олон улсын жишигт нийцүүлэн бүртгэж данслах, дэлхий нийтэд түгээн таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид ISSN Олон улсын төвийн захирал хатагтай Бэке болон түүний хамт олны дэмжлэгт гүнээ талархаж байна. Энэхүү төв нь Монголын оюуны болон соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна" хэмээн онцоллоо.

Хэрэв та өөрийн эрхлэн гаргаж буй сэтгүүлдээ ISSN дугаар авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Вэбсайт: www.nationallibrary.mn
Маягт бөглөх шууд линк: https://nationallibrary.mn/issn/index.html
И-мэйл: issnmongolia@gmail.com
Утас: 70188882 (Даваа–Баасан гарагт)