Буцах
“ЧИНГИС ХААНЫ УДМЫН БИЧГИЙН ИХ ХҮМҮҮН Д.НАЦАГДОРЖ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/08/06 11:13
Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор харуулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний Номын Сангаас түүний гар бичмэл, бүтээл туурвил, ном хэвлэлийн дээжээс дэлгэн толилуулж байна. Мөн түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, буу, бичгийн хэрэгсэл зэрэг дурсгалыг Монголын Зохиолчдын Эвлэлээс, ширээ, сандал зэрэг түүхэн хэрэглэгдэхүүн, үнэт үзмэрүүдийг Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон "Чингис хаан" үндэсний музейгээс дэлгэжээ. Ийнхүү энэ удаагийн үзэсгэлэн олон байгууллагын сан хөмрөгөөс бүрдэж буйгаараа ихээхэн онцлог юм.
Үзэсгэлэнгийн үеэр ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр хэлэхдээ "Энэхүү үзэсгэлэн нь үндсэндээ гурван төрөлтэй. Нэгдүгээрт, зохиолчийн өөрийн гараар бичсэн эх гар бичмэлүүд, хоёрдугаарт, шавь нар, нөхөд нь олшруулан түгээх зорилгоор хуулбарлан бичсэн эхүүд, гуравдугаарт, түүний орчуулгын болон судалгааны ажилтай холбоотой гэрэл зураг, хуулбар материалууд юм." хэмээн тодотгож байв.
Тус үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл олны хүртээл болгоно.