Буцах
"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН БА ИХ МОНГОЛ УЛСЫН ХЭЛ, СОЁЛ" ЛЕКЦ БОЛНО
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/08/28 09:18
Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ой, Эх хэлний өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Мөнхсайханы "Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл" сэдэвт лекцийг Салбар /шинэ/ номын сангийн Үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт зохион байгуулна.
Лекцийн үеэр мөн Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол болон дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн Монголын нууц товчооны хувилбарууд, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэнг дэлгэн толилуулж, 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл уншигчдын хүртээл болгох юм.
Монгол туургатны аугаа их туурвил “Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, вьетнам, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, 150 гаруй удаа хэвлэгдсэнээр таван тивд түгэн тархжээ.
Эрхэм уншигч олон, эрдэмтэн судлаач, оюутан залуус Та бүхнийг "Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл" лекцэд оролцож, Монголын нууц товчооноос ургуулан Их Монгол Улсын үеийн хэл, соёлын сонин сайхнаас сонордож, Монголын нууц товчооны монгол болон гадаад хэлээр хэвлэгдсэн хувилбарууд, монгол судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлүүдтэй танилцахыг урьж байна.