Буцах
БҮТЭЭЛЧ БАЙГАЛЬ ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/04/29 13:51
Монгол Улсын Үндэсний номын сан уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээний хүрээнд 2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан хүүхэд, залуучуудад эх дэлхий, байгаль орчин, эко системийн талаар мэдлэг олгох, мэдээлэл түгээх, байгальдаа ээлтэй хандах соёлыг төлөвшүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор экологийн боловсрол олгох хөтөлбөр, сургалт зохион байгуулах зорилготой “БҮТЭЭЛЧ БАЙГАЛЬ” танхимыг тохижуулан өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн хүндэт зочноор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, БОАЖЯ-ны сайд асан Н.Цэрэнбат, Байгаль орчны сайд асан З.Батжаргал, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэг, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, төсөл хэрэгжүүлэгч Оюуны хөгжлийн институт ТББ-ын захирал Ц.Адьяа болон дэмжин ажилласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар Дэлхийн байгаль хамгаалах сан, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын физикийн тэнхим, Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Экологийн цагдаагийн алба, Удвал Гарден цэцгийн дэлгүүр, Өнгө нэм ТББ, Хайрын гэр бүл, хүрээлэн буй орчныг бүтээх холбоо, Тогтвортой хөгжлийн гүүр ТББ-ын төлөөлөл оролцлоо.
Бүтээлч байгаль танхимд Бүтээлч байгаль танхим “Ой ургамлын хөтөлбөр”, “Цэнхэр алт ус хөтөлбөр”, “Цэвэрхэн дэлхий хог хаягдлын хөтөлбөр”, “Хөрс хамгаалал хөтөлбөр”, “Гар урлал хөтөлбөр”, “Ан амьтан хайрлах хөтөлбөр” гэсэн экологийн болон соёлын боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.