“МОНГОЛ БИЧГИЙН ӨВ” СУДАР НОМ, СУРВАЛЖ БИЧГИЙН ҮЗЭСГЭЛЭН - Мэдээ
Буцах

“МОНГОЛ БИЧГИЙН ӨВ” СУДАР НОМ, СУРВАЛЖ БИЧГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/05/05 10:06


Зураг
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Номын Сангийн төв байрны Үнэт ховор номын музейд “Монгол бичгийн өв” сэдэвт судар ном, сурвалж бичгийн үзэсгэлэнг 2025 оны 5 дугаар сарын 04-нөөс 23-ны хооронд өдөр бүр 09:00-17:00 цагт дэлгэн өргөн олноо толилуулж байна.
Монгол Улсын Үндэсний Номын Сан монголчуудын бичиг үсгийн үнэт дурсгал, түүх соёлын гэрч болсон эртний гар бичмэл, барын ном судруудаасаа дээжлэн ховор нандин 99 үзмэрийг багтаасан “Монгол бичгийн өв” үзэсгэлэнг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан дэглэлээ.
“Монгол бичгийн өв” үзэсгэлэн “Судар ном, сурвалж бичгийн дээжис” болон “Хөрөг зураг” хэмээх хоёр үндсэн хэсгээс бүтэж буй юм. “Судар ном, сурвалж бичгийн дээжис” хэсэгт “Монголын түүхийн сурвалж бичиг”, “Уран зохиол”, Шашны ном судар”, “Хэл шинжлэл”, “Анагаах ухаан”, “Тахилга хийгээд мэргэ төлгө, зурхай шинжийн судар”, “Нутгийн зураг, өргөх цэс, гэрийн үеийн бичмэл”, “Данс бүртгэл хийгээд баримт бичиг” хэмээх 8 ангилалд хуваан дэглэсэн бол “Хөрөг зураг” хэмээх хэсэгт Монголын 5 их хаадын эш хөрөг болон Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зурсан бичгийн мэргэдийн 7 хөргийг дэлгэн тавьсан юм.
Үзэсгэлэнгийн төлбөр: ЕБС-ийн сурагчдад үнэгүй, бусад үзэгч 5000 төгрөг болно.