Буцах
"МОНГОЛ БИЧИГ" ШҮЛГИЙГ СУРАГЧИД УНШЛАА
Ангилал: Мэдээ
Огноо: 2025/05/08 14:56
Үндэсний бичиг үсгийн баяраар Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Г.Ишхүүгийн "Монгол бичиг" шүлгийг Нийслэлийн БЗД-ийн "Монгол Улсын анхны цахим сургууль" тодотголтой Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн Ш.Удаанжаргал багштай 5-11 ангийн 30 сурагч уншиж, зохиолч Г.Ишхүү найрагчтай уулзаж гарын үсгийг авлаа.
Эх хэл бичиг соёл, үндэсний бичгээ эрхэмлэн дээдлэгч сурагчид Үнэт ховор номын музейд “Монгол бичгийн өв” үзэсгэлэн үзэж, өвөг дээдсийнхээ бүтээсэн өв соёл, эрдэм ухааны арвин сангаас тольдлоо.
Эх орныхоо ирээдүй болсон сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
МОНГОЛ БИЧИГ
Орой намрын цасыг зурагласан бугын жим монгол бичиг
Олон усны хаваржааны омголон булгууд монгол бичиг
Дэлхийг тамгалсан морьдын туурайн тоос монгол бичиг
Дээвэр цагаан гэрийн цэнхэр утаа монгол бичиг
Дээдэс хаадын тамган дахь дардас бүхэн монгол бичиг
Дэнжийн цэцгийг займчуулсан морины явдал монгол бичиг
Дүүрэн дэлгэр нарны нуман солонго монгол бичиг
Дүүгүүр шидсэн чулууны цуулсан зам монгол бичиг
Дүүгээ дагуулж гүйлдсэн нугын минь жим монгол бичиг
Дүрэлзэн асах галны хөх ир нь монгол бичиг
Алтайн язгуурт хэлний чимэг гоёл монгол бичиг
Алтан харганы үйсэн дээрх судар ном монгол бичиг
Аугаа дээдсийн соёл мөнөөс амиа алдах дөхсөн бичиг
Ар, Өвөр, Халимаг, Буриад аль аль нь монгол бичиг
Цастын монгол, Цагаан монгол, Хазаар монгол цаг цагийн монгол бичиг
Цасан дээгүүр туусан малын цацаг мөр монгол бичиг
Тэртээ хөтлийг давж яваа тэмээн жин монгол бичиг
Тэнгэр газрыг нэхэж байгаа бороон дусал монгол бичиг
Харийн гүрэн лүү өртөөлсөн өдөт захидал монгол бичиг
Хаадын зарлиг агуулсан хасбуу тамга монгол бичиг
Гүрний түүхийг хадгалсан тэнгэрийн бошго- гэрэлт бичиг
Эриний тоололд мөнхөрсөн их төрийн цааз монгол бичиг
Хөшөө чулуунд сийлэгдсэн сүг зургууд өвөг бичиг
Хөх монгол өвгөдийн түүх зурлага овог бичиг
Хүн төрөлхтөнд мөнхөлсөн эрхэм соёл дээд бичиг
Хүннү Сяньбийн үе хэлхсэн их нүүдэл худам бичиг
Наран зөв титэмлэж бичсэн омог төгөлдөр гал бичиг
Насан хутагийг билэгдэж татсан зуун зууны босоо бичиг
Дэвтэр номын хуудсанд оршсон дээрх нарны цацраг бичиг
Дэлхийн соёлын өвгөн эцэг дээд тэнгэрийн зарлиг бичиг Монгол бичиг.