"ЭХ ХЭЛЭЭ ЭРХЭМЛЭХИЙН УЧИР" ХИЧЭЭЛ ОРЛОО - Мэдээ
Буцах

"ЭХ ХЭЛЭЭ ЭРХЭМЛЭХИЙН УЧИР" ХИЧЭЭЛ ОРЛОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/09/01 08:37


Зураг
Монгол Улсын Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулсан "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг өнөөдөр МУҮНС-ийн Салбар номын сангийн "Язгуур" танхимд зохион байгууллаа.
"Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор /Sc.D/, Монгол Улсын Их Сургуулийн профессор Мөнхжаргалын Базаррагчаа оров.
Хичээлийн шинэ жилийн эхэнд "Эх хэлний өдөр"-т зориулан зохион явуулсан эл хүндэтгэлийн хичээлд МУИС-ийн ахмад багш, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ж.Баянсан, Д.Бадамдорж, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Ц.Батдорж, Г.Баттогтох, МУБИС-ийн багш доктор Л.Цэрэнчимэд, М.Энхжаргал нарын эрдэмтэн докторууд тэргүүтэй М.Базаррагчаа багшийн үе үеийн шавь нар, оюутан залуус, эх хэлээ эрхэмлэгч, уншигч олны төлөөлөл оролцсон юм.
Өнөө жил Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ой тохиож буй бөгөөд энэ 9 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс түүний 80 насны ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах аж. https://dep.num.edu.mn/mhhsh/?p=3520
Монгол Улсын Үндэсний Номын Сангаас профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойд зориулан түүний эрдэм бүтээлийн дээжээс ном, сурах бичгүүдээр хэл шинжлэл, утга зохиол судлалын "Язгуур" танхимд үзэсгэлэн дэлгэж, 14 хоногийн хугацаанд олон нийтэд толилуулж байна.
Зураг Зураг Зураг Зураг Зураг