АВСТРАЛИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД ЗОЧИЛЛОО - Мэдээ
Буцах

АВСТРАЛИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД ЗОЧИЛЛОО

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/09/09 14:13


Зураг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ эрхэмсэг хатагтай Саманта Мостин Монгол Улсын Үндэсний Номын Санд зочиллоо.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ эрхэмсэг хатагтай Саманта Мостиныг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, Монголын Номын Сангийн Холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн нар номын сангийн гадна үүднээс тосон авч, Үнэт ховор номын музейд урив.
Амбан захирагч, эрхэмсэг хатагтай Саманта Мостин, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лео Зэн тэргүүтэй хүндэт зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваацэрэн, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн нарын албаны хүмүүс Үнэт ховор номын музейд угтан авлаа.
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо хүндэт зочинд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн танилцуулгыг хүргэж, төрийн айлчлалдаа номын санд морилон хөтөлбөр оруулж, манай номын сангаар саатан зочилж байгаад нэн баяртай байна хэмээв.
Номын сангийн захирлын танилцуулгын дараа Монголын Номын Сангийн Холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр Монгол Улсын Үндэсний Номын Сантай хамтран Монгол орон даяар хэрэгжүүлсэн "Хил хязгааргүй номын сан" төслийн үр дүнгийн талаар танилцуулж, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлсэн нийтийн номын сангийн хамтын ажиллагаа, хөгжлийг дэмжих уг төслийг санхүүжүүлсэн Австралийн Засгийн газар, Австралийн ард түмэнд гүн талархал илэрхийлэв.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ эрхэмсэг хатагтай Саманта Мостин “Миний ээж номын санч хүн байсан учраас хүүхэд байхдаа аавтайгаа хамт номын санд ээжийнхээ ажлаар дандаа л очдог байлаа. Би өөрөө Австралийн Үндэсний болон Мужуудын номын сангийн холбооны Хүндэт Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай байдаг", тиймээс Амбан захирагч, эрхэмсэг хатагтай бээр номын сангаар зочлохыг айлчлалынхаа хөтөлбөрт багтаахыг хүссэн бөгөөд өөрт нь элгэмсүү дотно санагдаж байгаагаа илэрхийлээд, Австралийн зохиолчдын шилдэг ном бүтээлийн дээжээс 40 гаруй номыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хандивлаж, захирал Б.Ичинхорлоод хүлээлгэн өгөв.
Мөн Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ эрхэмсэг хатагтай Саманта Мостин Монгол Улсын Үндэсний Номын Сангийн хүндэт зочны дэвтэрт халуун дотно дурсгалын үг бичин үлдээснээр монголчуудын ном бүтээх уламжлал, бичиг үсгийн дурсгал, эрдэм соёлын түүхийг дэлгэн толилуулсан Үнэт ховор номын музейг үзэхдээ тухай бүр номын сангийн мэргэжлийн хүний асуулт тавьж байлаа. Тухайлбал, монголчуудын баринтагтай судар номдоо зориулан хийсэн донтор буюу нэрийн товьёг хавчуургыг орчин цагийн каталогтой харьцуулан асууж, ЮНЕСКО-д бүртгэлтэй баримтат өв “Сахиусан дара эх”, “Данжуурын гэрэлт хөшөө” зэргийг ихэд сониучирхан лавлаж байв.
Үнэт ховор номын музейг үзэж сонирхсоны дараа хүндэт зочин, Амбан захирагч, эрхэмсэг хатагтай Саманта Мостин Хуучин судар номын сан хөмрөгтэй танилцах үеэрээ хөтөлбөрт хугацаагаа өнгөрөөн шимтэн сонирхож, монголчуудын эрдэм ухаан, ном соёлын түүх уламжлалыг хадгалсан гайхамшигтай сан хөмрөг, баялаг номын сантай танилцаж байгаадаа сэтгэл машид хөдөлж байна хэмээгээд, Австралийн номын санчдыг Монгол Улсын Үндэсний Номын Санд ажиллуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Амбан захирагч, эрхэмсэг хатагтай Саманта Мостин төрийн айлчлалынхаа төгсгөлд Монгол Улсын Үндэсний Номын Сангаар зочилсондоо сэтгэл хангалуун байгаагаа хэлж, номын сангийн захирал, хамт олонд халуун талархал илэрхийлснээр албаны хүмүүс хүндэт зочныг үдэн мордууллаа.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг