Түүхэн товчоон

Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа байгуулж, үндэсний соёлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш 4 сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ.

Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгосон байна. Судар бичгийн хүрээлэнгийн анхны чухал баримт бичиг болох хүрээлэнгийн дүрмийг 15 зүйлтэйгээр баталж түүндээ эх орны түүх, соёлын холбогдолтой бичмэл болон хэвлэмэл ном зохиол цуглуулах ба орчуулж олшируулах талаар заасан: “Олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал хэрэглэхийг нь өөрийн хэл бичигт түүвэрлэн оруулж олон ардыг сурган боловсруулж оюуныг судлуулах гэжээ.

        1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвт тусгагдаж 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн ном хэвлэлийг номын сангийн арга ажиллагааны дагуу зохион байгуулж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжсөн байна.

Back to top button
%d