Ардыг гэгээрүүлэх яамны дүрэм
Монгол улс ХХ зууны эхэн үед хэд хэдэн түүхэн үе шатыг дамжиж ирсэн билээ. Түүн дотроо Ардын хувьсгал ялж ардын засаг мандсан даруйдаа хүн ардаа бичиг үсэгт сургах их үйл хэрэг өрнөсөн юм. Ардын Засгийн газрын 1923 оны 53 дугаар тогтоолоор Дотоод хэргийн яамны Сургуулийн хэлтсийг Судар бичгийн хүрээлэнтэй нэгтгэн тусгай яам байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу Ардын Засгийн газрын 1924 оны 31 дүгээр тогтоолоор “Ардыг гэгээрүүлэх яам”-ийг байгуулжээ. Яам байгуулсны дараа жил буюу 1925 он (Монгол улсын арван тавдугаар он арван нэгэн сарын арван нэгэн)-д Ардыг гэгээрүүлэх яамны дүрмийг баталж мөрдсөн.
Тус дүрэм нь 4 бүлэг 32 зүйлтэй. 16.5×23 cm хэмжээтэй. 22 хуудас, нэг нүүрт 14 мөр, хорголжин хэвээр хэвлэсэн байна.
Энэхүү дүрмийг доор товчхон дурдвал. Үүнд:
1 дүгээр бүлэг нь 3 зүйлтэй бөгөөд эхний 1 дүгээр зүйлд Ардыг гэгээрүүлэх яамны зорилгыг тодорхойлжээ. 2 ба 3 дугаар зүйлд яамны бүтцийг хуульчилсан байна.
Жишээ нь: Энэ бүлэгт зорилгоо тодорхойлохдоо “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинжлэх ба урлах ухаан, хэл бичиг яруу найруулга олон ерийн ба тусгай ухааны зүйл бүрийн сургуулийн зэрэг язгуур үндэсний ба ерөнхий эрдэм соёлыг элдэв арга сүвэгчилж ард түмэнд дэлгэрүүлэх аливаа явдлыг эрхэлмой” гэж заасан нь өнөөг хүртэл хэрэгжүүлсээр тус салбарыг эрхэлсэн дээд газар нь хэрэгжүүлсээр байна.
2 дугаар бүлэг нь 12 зүйлтэй. Үүн дотроо албан хаагчид, тэдгээрийн эрх үүрэг, хийх ажлын чиглэлийг тодорхой тусгасан байдаг. Жишээ нь: Тус бүлгийн 4 дүгээр зүйлд тус яамны сайдын эрх үүрэг нь 9 заалтайгаар хуульчилсан байна. Эдгээр заалтад дурдахдаа
“1. Тус яамны хэлтсүүд ба албан газруудын дотоодын явдалд нарийвчлан оролцохгүйгээр ерөнхийлөн хянаж баймой.
2. Ардыг гэгээрүүлэх яамнаа холбогдох хууль дүрмийг ёсчлон явуулах аль бүхий аргыг сүвэгчилмүй. 3. Тус яамны хэргийг явуулахад аливаа боогдолтой зүйл гарах аваас хууль дүрмийг баримтлан арилгамой.
4. Тус яамнаа холбогдох хууль дүрэм зүйлийг тогтоох ба хуучин хууль дүрмийг засаж залруулах буюу устгах тухай тус яамны нэрээр зохих газраа мэдүүлмүй.
5. Ардыг гэгээрүүлэх яамнаа холбогдох эдүгээ бүхий яаж гүйцэтгэхийг тайлбарласан буюу мөн хууль дүрмийг баримтлан явуулах заавар тогтоолыг зохион зарламой.
6. Тус яамны эрхэлсэн, зөвлөх түшмэдээс бусад мөн яамны ба харьяат газруудаас албан хаагчдыг томилон авах шилжүүлэх чөлөө олгох албанаас огцруулах зэргийг гүйцэтгэмүй. …9. Харьяат яамны тамгыг хадгалмой.” гэх зэргээр хуульчилсан байна.
3 дугаар бүлэг нь 13 зүйлтэй бөгөөд хэлтсүүдийн хийх ажлын чиглэл, эрх үүргийг тодорхойлон тусгажээ. Жишээ нь: Тус бүлгийн 16 дугаар зүйлд заахдаа “Ерөнхий хэлтсийн доторх байгуулах бүртгэх салааны эрхэлбээс зохих хэрэг зүйлүүд нь:
1. Харьяат яамны нэрээр харилцах ба зарлаваас зохих бусад хэлтсүүдэд холбогдохгүй хэргүүд.
2. Аливаа бичгүүдийг хүлээн авч дансандаа тэмдэглэн хэлтсүүдэд хуваан тушааж аливаа гарах бичгүүдийг явуулж тус хэлтсийн эрхлэх данс харааг хадгалмой…” гэжээ.
4 дүгээр бүлэг нь 4 зүйлтэй. Тус бүлэгт тайлан мэдээг хэрхэн явуулах тухай заасан. Жишээ нь:
33 дугаар зүйлд заахдаа “Хэлтсийн эрхэлсэн түшмэдээс өнгөрсөн жилийн гүйцэтгэсэн ба ирэх жилийн дотор албан хэргийг яаж явуулах явдлыг жилийн эцэст нэгэн сарын дотор сайдад мэдүүлмүй.” хэмээн заасан байна.
Энэхүү дүрэм нь Монгол улсын Үндэсний номын сангийн Монгол номын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Танилцуулга бэлдсэн: МУҮНС-ийн Монгол номын сан хөмрөгийн номын санч Д.Нарантуяа.