Дөрвөн цагийн байдлаар орчуулсан судар болой.
Зохиогч нь тодорхойгүй энэхүү сургаалын зохиолыг Судар бичгийн хүрээлэнгээс Олноо өргөгдсөний арван хоёр (1922) онд Нийслэл хүрээн дэхь Орос Монголын хэвлэлийн газарт 32 нүүр бүхий хорголжин хэвээр хэвлэгджээ.
Энэхүү ном болбоос хүний амьдралыг дөрвөн улиралтай адилтган зүйрлэж өгүүлсэн сургаалын зохиол юм. Тус зохиолд энэ тухай дурдахдаа:
“Аяа орчлонгийн жам ёс хийгээд эргэгч дөрвөн цагийн байдлыг эргэцүүлэн бодоод, эргэгч дөрвөн хэмжээний насанд үлгэрлэн өгүүлсүгэй. …Өвөл зуны эргэлт дөрвөн цаг өнгө бүрээр өнгөрдөг. Өсөх өтлөх насны жаргал зовлон янз бүрээр ирдэг” гэж тун оновчтой бөгөөд тодорхой өгүүлсэн байна.
Өвлийн улирлыг эхийн хэвлийд бойжоод улмаар алтан хэвлийгээс гарч хорвоо ертөнцөд хүн болон мэндлэж, хиргүй ариун сэтгэлтэй хүний бага насны үетэй адилтган зүйрлэсэн байна.
Хаврын улирал нь урин дулаан ирж, байгаль дэлхий өнгөө засаж, усны шувууд эргэн ирэхээс гадна цаг агаар тогтворгүй байдаг цагийг хүний настай зүйрлэвэл аав ээжийн дэргэдээс холдож эрийн цээнд хүрэхийн үетэй холбон сургажээ. Энэ үе нь өөрийгөө том хүн болсон хэмээн санаж, бүхнийг өөрийн дураар хийх гэсэн дэврүүн мөрөөдлийн үетэй адилтган үзжээ.
Зуны улирал нь дэлхий ертөнц өнгө зүсээ засаж, халуун дулаан, амар амгалан өнгө бүрийн цэцэгс алгалсан сайхан байдлыг хүний идэр настай зүйрлэн сургасан байна. Хүн нь энэ насан дээрээ эрдэм ухаан нь тэгширч, ямар ч ажлыг хийх туршлагатай болдог билээ.
Намрын улирал нь хорвоо ертөнц шарлан гандаж, усны шувууд халуун орноо зорьдгыг хүний өтөл настай зүйрлэн өгүүлжээ.
Хүний амьдрал жилийн дөрвөн улиралтай хүний насны дөрвөн үеийг адилтган авч үзсэнээр барахгүй энэ ертөнцөд хүний биеийг олж төрөөд зөв замаар явахыг үлгэрлэн тайлбарласан байна.