Мэдээ, мэдээлэл
ГАДААД ХЭРГИЙГ БҮГД ЭРХЛЭН ШИЙТГЭХ ЯАМНЫ ТЭРГҮҮН САЙД, ЭРДЭНЭ ДАЙЧИН, ЗАСАГ, ХОШОЙ ЧИН ВАН ХАНДДОРЖ /1869-1915/
Монголын 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагчдын нэг нь Түшээт хан аймгийн жанжин, Дайчин вангийн хошууны засаг ноён, хошой чин ван Ханддорж байв.
Тэрбээр Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны засаг ноён, чин ван Цэрэндоржийн хүү гүн Мижиддоржийн гэр бүлд 1869 оны шарагчин могой жил төрж, багаас монгол бичиг, манж, хятад, төвөд хэлийг сайн сурч, төрт ёс, эрх зүй, дорно дахины гүн ухаанд боловсорчээ. Ханддорж 23 насандаа өвөг эцгээс хошууны засаг ноёны тушаал, хошой чин ван цолыг залгамжилж, 28 насандаа аймгийн туслах жанжин, 1900 онд 31 насандаа Түшээт хан аймгийн жанжнаар тус тус томилогдов.
Чин улсаас Монголд явуулдаг уламжлалт бодлого өөрчлөгдөж, “Шинэ засгийн бодлого” нэрээр үй олон хятад иргэдээр Монгол нутгийг дүүргэн хүчээр хятадчилахад чиглэгдэж, улам бүр колоничлох шинжтэй болж байсныг залуу ноён Ханддорж эрс эсэргүүцэх болсон юм.
Английн цэрэг Төвөдөд цөмрөн ороход 13 дугаар Далай лам Түвдэнжамц дайжиж, Орос улсаас тусламж эрэх хэргээр 1904 онд Их Хүрээнд ирээд Ар Монголын эрх баригч сайд нартай сэм харилцаж зөвлөлдөхөд Ханддорж түүнд нэн дотно хандаж, өөрийн Хүрээнд /Одоогийн Булган аймгийн төв/ урьж өвөлжүүлэн улс төр, шашны үйл ажиллагаанд нь тусалж байгаад 1906 онд Бээжин рүү явахад нь нэг хүүгээрээ хүргүүлснийг нь Чин улсын захиргаа ялихгүй зохиомол шалтаг гарган хааны ордны ёслолын журам зөрчсөн хэргээр хүүг нь баривчилсанд Ханддорж ван биеэр очиж түүнийг суллуулах гэсэн боловч бүтээгүй.
Хошуу засаг залгамжилснаас хойш Манжийн ноёрхлын эсрэг шийдвэртэй тэмцэж байсан сөргөлдөөний дүнд Манжийн эрх баригчдад ийнхүү хүүгээ цаазлуулсан. Ингээд “Халхад Манж-Хятадын шаахайн мөр гаргуулахгүй” хэмээн андгай өргөж, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эрслэн босжээ.
Чингээд Манжаас тусгаарлах цаг болсныг VIII Богд гэгээнд айлтган, 1911 оны 7 дугаар сард Богд гэгээнд Бат оршил өргөх даншиг хийх нэрээр Халхын хан, ван, гүнгүүдийг хуралдуулан уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ. Энэ хэрэгт Хаант Оросоос тусламж авах асуудлаар Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрлөгч түшмэл Хайсан нарыг итгэмжлэн зарсан байна. Монголын төлөөлөгчдийг II Николай хаан хүлээн авч, хэрэв хятадууд Монголд террор үйлдвэл өмгөөлөн хамгаалах зуучлах, бага сага зэвсгийн тусламж үзүүлэх болсон байна.
1911 оны 11 дүгээр сард Халхын хүрээний хэргийг бүгд түр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж, Ханддорж зөвлөх түшмэл болсон. Халхын дөрвөн аймгаас цэрэг татахад Түшээт хан аймгийн жанжны хувьд Ханддоржийн харъяаны цэргүүд голлон цугларч, Хүрээнд сууж байсан Манжийн амбан Монгол хязгаараас зайлан явах тулган шаардах бичиг өгсөн байна.
Тусгаар тогтнолын төлөө тэмцэл амжилттай болж, 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсныг зарлаж, Богд хаан анхны зарлигтаа хишиг хүртээгчдийн хамгийн эхэнд Ханддоржийг “Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан”-ыг цохон тэмдэглээд “…үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үе ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайдын тушаалд тохоон томилогтун” гэжээ.
Эрдэнэ дайчин чин ван Хандорж Олноо өргөгдсөн Монгол улсын Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайдын тушаалд тохоон томилогдоод Богд хаанд өргөсөн тангарагтаа “Шашин, төрийн тусын тулд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй. Эдүгээгийн батлан тогтоосон тангаргаа нүдний цэцгий, зүрхний толт мэт хайрлана.” хэмээжээ.
Тэр бээр 1912-1913 оны заагаар Монголын төлөөлөгчдийн тэргүүлсэн Хаант Орост очиж, Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр, дипломатын аргаар хүчин зүтгэж байв. Мөн төр ёс, ёслолыг төгөлдөржүүлэх, орчин цагийн анхны бага сургууль байгуулах, улсын сан хөмрөгийг арвижуулах, Өндөр Жанрайсигийг барьж босгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байлаа. Иймд Богд хаан 1913 онд “Сайныг удирдагч” цолоор шагнасан байна. 1915 оны цагаан сарын шинийн 6-ны өглөө 46 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь үрэгджээ.
Эх сурвалж: Монгол толь https://mongoltoli.mn/history/h/748, Жамсран Л., “Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал”, УБ, 1996., Википедиа https://mn.wikipedia.org/wiki/Минжиддоржийн_Ханддорж.
“БОГД ХААН БА ОЛНОО ӨРГӨГДСӨН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН
2023.12.21-2024.02.23
[Хүүхэд багачууд, номын сангийн уншигчдад үнэгүй.]
Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагч зүтгэлтнүүд болох Богд хаан, алтан ургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин төрийн мэргэдийн түүхэн гэрэл зураг хийгээд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Олноо өргөгдсөн Монгол Улсын түүхэнд холбогдох тулгар сурвалж бичиг, ном судрыг дэлгэсэн “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна.
Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд дэлгэгдсэн “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд хүүхэд багачууд, Үндэсний номын сангийн уншигчдад үнэгүй, бусад насанд хүрэгчдэд 5000 төгрөгийн тасалбартайгаар үйлчлэн ажиллана.